Дархан сумын Онцгой комисс хуралдав

WWW.DARKHAN.MN

Өнөөдөр Дархан сумын онцгой комисс хуралдаж Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Булган, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Орхон аймгийн Жаргалант зэрэг зэргэлдээ аймгийн сумдад гарсан малын гоц халдварт Шүлхий өвчнийг өөрийн аймаг, сумдруу тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар яаралтай шийдвэр гаргалаа. Тухайлбал: Сэлэнгийн чиглэлийн 41-ийн пост, Хараагийн гүүр, Дархан-2, Уужим булгаас хотын төврүү орох төв зам дагуу байнгын ажиллагаатай хяналтыг гарган ажиллуулахаар болов. Аймгийн Онцгой комиссоос Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын чиглэлийн замын уулзвар буюу 40-ийн постод 03-р сарын 23-ныг хүртэл байнгын хяналтыг мөн гаргаад байгаа аж. Өнөөдрийн хурлаар мөн аж ахуй нэгж, иргэдэд хандан малын хашаа хороондоо ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах албан даалгаврыг сумын Онцгой комиссоос гаргасан юм.

Малын гоц халдварт шүлхий өвчин нь шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал амьтанд шууд хавьтлын замаар халдахаас гадна голомт бүхий бүс нутгаар дамжин өнгөрсөн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, бэлчээр, ус, өвс, араатан амьтан, хүнээр дамжин халдварладаг байна. Иймд иргэд дээр дурдсан аймаг, сумдын нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа постуудаар дайрч гарах, мал бүхий иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байх, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр малын шилжилт хөдөлгөөнийг хийхгүй байх, баг хариуцсан малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэхийг Дархан сумын Онцгой комиссоос ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.